Сэмжин үүлсээр гоёсон тэнгэр, жаргаж буй нарны улбар шар өнгөөр хаяагаа эмжих тэр агшин юутай тансаг. Түр зуурхан орсон ширүүн борооны дараа хойд талын задгай бүсэд ( ажлын гадаах тамхины бүс ) суугаад тансаг гоёхон тэнгэрийн дор газар дэлхийг чимэн хэдэн зуун жилээр ч юм чимээгүй лүглийн байх өвгөн моддыг болоод түүний салаа мөчирөөс нэгэн амьдрал болон унжих залуу жаахан навчисын дэггүйрхэх мэт зөөлөн сэрчигнээтэй хорших мэлхийн дууг сонсон сэрүүхэн салхинд хацар илбүүлж суухад яагаад ч юм ойн төгөлд байгаа мэт сайхан байдагсан.
Задгай бүсийн эсрэг талд ёолтгор гэрэлтэй хуучин байшинд орчин үеийн үйлчилгээний танхим олны хөлд дарагдан тэр хирээр чимээ ихтэй ч надад саад болох нь нэгээхэн ч үгүй. Чанх өмнөөс минь нүүр тулаад шахуу сууж хундага тулгах тэдэн дунд ганц нэг зүс мэдэх хүмүүс харагдах нь харин ч таатай байсан мэт.
Жил тойрон тэр байшингийн хажуугаар гарч алхахдаа модон эдлэлийн наймаа эрхэлдэг Дэвид болоод түүний эхнэр хоёртой мэнд мэдэн даруухан инээмсэглээд, ёлтгор гэрэлтэй үйлчилгээний төвийн танил хэдэн залуустай гар даллан мэдэлчихээд ажилдаа ирдэг байлаа.
Харин одоо хэнтэй ч мэдлэх шаардлаггүй учир нь тэд бүгд нүүсэн. Хэрэгтэй бүхнээ аваад хаа нэг тийшээ нүүж дурсамж болоод чимээгүй дүнсийх эртний байшин бид хэд л үлдэж эл хульхан болсон.
Анзаарагдаж, амьдралд минь нэг их ач холбогдолгүй ч гэлээ жижиг сажиг зүйлс өөрчлөгдөхөд би тийм ч дуртай бус. Бүр ч эсрэгээрээ үгүйлэн сэтгэл үймрэх янзтай. Бусдад бол ёлтойн гэрлээ асааж, олны хөл болоод инээдэнд дарагддаг байсан тэр байшин, өмнө нь ямар байгаад одоо ямар болсон нь тийм ч сонин биш биз. Гэтэл миний сэтгэл гадаа суухад зориулагдсан, жижиг бүсийнх нь довжоо болоод шатны гишгүүр, хөндлөвч мод, төмөр дээврийг нь нураан байгааг хараад сэмрээд урагдах мэт хөндүүрлээд байх юм.
Эвдлэх гэдэг дэндүү амархан юм хэдхээн хором л зарцуулагдана, жижигхэн хэдий ч тэр саравчийг босгоход харин их цаг, их хөлс орсон нь мэдээж.
За аа гэхдээ " Эд нураалаа ч өмнө нь байснаас ч илүү сайхан болгохоо мэдэх улс " ийнхүү бодсон ч сэтгэл дээрдэх янз бас л алга.
Чухам юунд ингэтэлээ ихээр эмзэглээ юм бол, жаахан бодож суулаа. Эмзэглэх учир байшин болоод эвдэрч алга болох довжоо, шатны гишгүүрт баймгүйсэн. Учраа олохгүй байгааг мэдэх мэт, төмөр тонших алхны дуу улам ойтсоор, цээжин тушаа цохих мэт сэтгэл бүр ихээр өвтөнө.
Хэн нэгний овлиггүй сэтгэлийн хорон үгс яг ингээд л сэтгэл нүдэж, шарх үлдээдэг гэвч овилоггүй сэтгэлтэн мэдэхгүй улам ихээр нүдэж, хэн хэндээ хэрэггүй үгээр сэтгэл дэхь ханыг нураах гэдэг ч сэтгэл ханаа юу юугүй нураачихдаггүй, гэхдээ л өвдөөд хоцордог.
Өвдөх тусам зөөлөн инээдний цаана сүүмэгнэх хорт үгс яг л төмөр нүдээд эвдэж нураах хүнд алх мэт сэтгэл дээр хэдэнтээ бууна. Уг нь тэр алх, эдийг эвдэх бус бас эвлүүлж чаддагсан. Даанч алх барьсан гар эвдэх гээд далайсан бол эвдэхээс ч өөр яах билээ. Алхыг барих гар шиг сэтгэлийг захирах хүн хорыг дуулгаж, доош даръя гэсэн бол үг хэдий сайхан уран яруу ч сэтгэлийг өвтгөн зовоох нь гарцаагүй.
Магад би өөрөө ингэж явсан ч байж мэднэ. Өнгөрсөн амьдралын замыг мөшгин цаг алдалгүй, өмнө минь угтах урт замд хорын үгийг уруул давуулан бусдад дуулгаж, хүнд алх мэт хатуу үгсээр сэтгэлийг нь өвтгөн нүдэлгүй, түшиг шиг түшиг, нөхөр шиг нөхөр л явъя...
Өнөөдөр тэр байшин бас миний сэтгэл эл хуль ч сэмжин үүлсээр гоёсон тэнгэр мандах нарны шаргал туягаар хаяагаа эмжин шинэхэн өдөр эхлэхэд бүх зүйл мартагдан тэртээд үлдэх нь гарцаагүй.
Tuesday, March 10, 2009
Subscribe to:
Posts (Atom)