Monday, August 17, 2009

Бямбажавын Энхтуяа
Охин үрээ хайрла.




Охин үрээ хайрла!
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн,төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла



Хадуурсан бодол

Нэг найз бурхан хүнийг их буруу зурдаг гэж ярьдаг юм, тэгсэн нээрээ эртээд метронд нэг хөөрхөн охин найз залуутайгаа явж байна, би яг урдаас нь хараад суучихсан байсныг ч хэлэх үү, яасан ч хөөрхөн юм гэж бодоол явж байтал гэнэт нөгөө охин чинь аймаар инээв.

Яг Орос үлгэрийн кинон дээр гардаг хорон санаатай хойд ээжийн нээг их царай муутай бүдүүн дээр нь ааш гэж авах юмгүй охид аймаар бүдүүн хоолойгоор пар пар гээд инээгээд байдаг даа, за яааг тэгж инээвэл яах уу, би бүүр цочиж айгаад гэртээ ирж гаазан дээрээ давс цацаж өөрийгөө ширгэлэв шт.

Яахаараа тийм хөөрхөн охинд тийм аймаар бүдүүн хоолой заяадаг байнаа.

За нээрээ ч хүний явдал надад ямар хамаа байнаа, миний илүү зан гэж бас байх юм, үгүй ээ гэхдээ л тэр хөөрхөн охинд нарийхаан гоё хоолой, ялдам инээд байсан бол уу...

...Би дараа төрөлдөө Цасангуа юм уу Үнсгэлжин болъё гэж бодоод байгаа, яагаад гэвээс тэд чинь амьтаны хэл мэдээд л, хулгана мурам, шувуу энэ тэртэй сүрхий ярьдаг юм байна лээ ш д.

Хааяа хүмүүстэй ярих жоохон хэцүү, адармаатай санагдахийг яаана, тэр үед Үнсгэлжин, Цасангуа нарт атаархаастай.

Заримдаа нэг аниатай юм ярихаар тэр аниа дандаа л болж бүтэхгүй юм яриад, эсвэл хүн муулаад, бүүр сүүлдээ нэг танилынхаа талаар ярьж байснаа, алчихмаар зэвүүн новш гэж хэлээд, сэтгэл сэрт хийгээд, хамаг бие шар үстэйгээ арзайж аниагаас айсан шүү.

Тэгээл амьтаны хэл мэддэг бол яасан ч амар юм гэж өөрийн эрхгүй бодсон, ер нь л дараа төрөлдуу сайхан амьтаны хэл мэддэг болж төрнөө.

Нээрээ дараа жилийн наадмаар хурдан морь унадаг юм уу гэж бүүр хадуурсан юм бодож байгаа, өнөөдөр нэг хүн надаас чи Монгол юмуу? гэж асуугаад тийм гэсэн чинь морь унадаг уу гэнэ, тэгээл гэнэт морь унаж давхимаар болоод, сүүлдээ бүүр дараа жилийн наадмаар морь унаж уралдъя байз гэж бодлоо ш д, дараа жилийн наадам даанч хол байна даа ( хэнгэнэтэл санаа алдав).

Надаар морио унуулах уяач мэдэж байгаарай та минь ээ, юмыг яаж мэдхэв найздаа хэлнээ, холоос хайхаар ойроос сур гэж манай найз чинь нээрээ хурданы морьтой юм байна ш дээ.

Дараа жилийн наадмаар морь унах асуудлыг ингээд хялбархан шийдэв, бандан тас.





Яасан их санана вэ та хоёрыгоо

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь ....

гэж ирээд ижийгээ санаад дуулж сууна даа охин чинь.
Дандаа гэж худлаа хэлэхгүй ч сүүлийн үед ижийгээ санаа л байх юм, завгүй их ажилтай болоод ч тэр уу гэрээ, аав ээжээ санах нь гайгүй л дээ.Эхийн санаа үрд ,үрийн санаа ууланд гэж л энэ байх даа.

Ээж аав 2 минь охиноороо их бахархадаг утсаар ярих болгондоо л миний охин ухаантай юм чинь гээд л, магтах үгээ олж ядан, сайхан бүхнийг л охиндоо хэлдэгсэн миний ээж.

Тав за бараг зургаан жилийн өмнө юм даа, гэрийнхэндээ хэлэлгүй арав хоног найз залуугийндаа байж билээ.

Аав ээжээсээ тусдаа ахтайгаа амьдардаг байсан болохоор агаатайгаа хуйвалдсан хэрэг, өглөө болгон ээжийг ярихаар агаа, унтаж байна, усанд орж байна, дөнгөж сая гарчихлаа гэж нөхцөл байдалд тааруулсан худлаа ярьсаар лав 7 хоног аргалчихсан байсан, би заримдаа өдөр нь гэртээ байнаа гээд л худлаа ээжрүү ярьчихдаг байсансан.

Харин ээж минь зөнгөөрөө охин нь нэг л хол байгааг мэдрээд гэрт ирж хоноход нь би байдаггүй тэгээд л ах бид хоёрын хуйвалдааныг ээж мэдэж том асуудал үүслээ.

Ээж минь сайн мөрдөн байцаагч хийсэний эцэст намайг хаана, хэнтэй байгааг тэр дороо л мэдэж найз залуугийн минь гэрт ирсэн ч бид хоёр хаалгаа тайлалгүй гүрийсэн учир ээж, ах, ээжийн дүү гэсэн мөрдөгчидийн бүрэлдэхүүн цоожтой хаалга сахин сууж, сууж явсан даа.

Би гэдэг хүн дөнгөж хорь хүрч байсан жаахан охин, ээж минь санаа зовж байгааг мэдэв ч хайрын мананд айдастай жаргалтай байсаар л...

Харин маргааш нь айж эмээсээр, хулган байж гэртээ ороход ээж минь, охин нь ирсэнд баярлав ч арав хоног худлаа хэлээд айлд байсанд минь гомдож зөндөө их загнаж бүр зодсонсон.

Сэтгэл маш ихээр тэр үед л өвдсөн, ээж минь охиноо гэрээсээ бүр явчихлаа гэж айхдаа аргаа баран шөнө босоод хөхөөрөө даллаж дуудсан гэж ярихад, сэтгэл өмрөх шиг л болж, ижийгээ хайрлаж бас өрөвдөж өөрийгөө зэмлээд хоолойн дээр бөөн хар юм тэглээд, нулимс бөөн бөөнөөрөө бөмбөрөөд сууж билээ.

Ижийгээ дутуу нойртой хонож байхад би нэгэн залуугийн тэвэрт эрхлэн нам унтаж байсан даа, айдастай ч жаргалтай ч хоногууд байжээ.

Тэр бүхнээс хойш ээж охин хоёрын дунд нууц байхаа больж, хаашаа ч явсан, хэнтэй ч уулзсан аав, ээж гэр бүлийнхэнээсээ бүгдээс нь асуудаг хүмүүжил надад тогтсон доо.

Энэ бүхэн аавыг хөдөө явсан үеэр болсон болохоор гэртээ эргэж ирэхэд нь ээж болсон бүхнийг аавд хэлсэн болов ч аав минь охиноо зэмлээгүй юм даа.

Одоо харин аав, ээж хоёр минь тайван сайхан унтаж байгаа байх даа, тиймээ та хоёр минь одоо тэнэгхэн охиндоо санаа битгий зовоорой, ухаалагаар өөрийгөө зөв сайхан авч явах чадвартай болсоон охин чинь.

Хааяа та хоёрыгоо маш их санах юм, завгүй амьдарч байхад минь нэг л өдөр утас дуугараад муу мэдээ сонсохвий гэхээс дотор харанхуйлж, хоолой загирах юм ...түй түй түй... муу бүхэн хол л байгаасай.

Өнөөдөр яг одоо яасан их санаж байнаа, та хоёр минь бас санаад зүүдлэж байгаа байх даа.

Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна.

Завгүй өдрүүд ар араасаа цуварсаар хорвоогийн нэгэн өдөр дурсамж болон үлдлээ

Аа яа яа... 6pm - 11pm хүртэл хөнгөний тамирчин шиг л байлаа
өөрт оногдсон хэн ч биш би л өөрийнхөөрөө мэдэрч чадах миний л амьдрал, зовсоны эцэст жарганаа хөө гээд л Эрхцас найзыгаа хэмх сэнхрүүлэх юм даа.



Хэ хэ хүн амьдралаа эхнээс нь ярьдаг бол би шууд л оройноос нь ярьчих юм, эхнээс нь гэснээс өнөө өглөө метронд орохтойгоо зэрэгцээл номоо уншлаа, өнөөх л Сидни Шелдон-ний цуврал " Цусан төрлийн барилдлага " тэгсэн бүр номондоо ороод айл амьтаны ичгүүр сонжуургүй хэрүүлийг харж явсаар хоёр буудал хэтэрчихсэн байдаг байгаа, ирсэн замаараа уншсан номоо барьсаар буцах замаас нь дахиад метрондоо сууж ажил дээрээ нэг юм очлоо.

Ажил эхлээгүй байхад л бараг цайны цагийг хүлээгээстэй (яасан номоо уншчих гээл,айл амьтаний хэрүүл энэ тэрийг сонсчих гээл) сэтгэл зүрх хачин байсаар хүлээсэн учрал дохиож цайнү цаг боллоо үгүй юу л чикавнааса номоо гаргаж таг ширтээстэй уншиж уншиж, ганц бие бүсгүйд тохирох ном биш болохыг ойлгосон шүү. Яагаад ингэж ойлгов гэхээр өнөөх ном маань бараг л эротик талдаа болж таарсан, больё чиш тайван амьдармаар байна гээд буцаагаад л чикавандаа хийчихсэн дэмий номыг, гэхдээ яахав найз залуу болохоороо унших санааг дотороо агуулаастай.

Дэмий цагт дэмий ном уншаад элдэвийг бас бодож тархи толгой, сэтгэл зүрх хямарчих гээд л цайны цаг нэг тиймэрхүү.

Мөстэй кофе намайг сэргээгээстэй, завшааныг ашиглаад түүнд бас талархая байз, сүүлийн хоёр жил лав намайг сэргэлэн болжмор лугаа адил сэргээж байгаам хөөрхий, хэн гээч хүний үр санаж сэдсэн юм бол доо.

Сонин сонин юм даанчиг их байх юм, бодоол байсан " Амьдрал " гэдэг чинь хүлээлгийн танхим ч юм шиг, хэнийг, юуг, яах гэж хүлээж буйгаа мэдэхгүй ч дандаа хүлээгээстэй, мэдэхгүй ээ уг нь надад л лав хүлээсэн хүн байхгүй, гэхдээ л сэтгэл нэг юмыг яг л хүлээгээл... хүлээгээл... байн байн цагаа хараад л, ажил дуусав уу үгүй юу утасаа шалгаастай, энэ юуны дохио вэ??? Дурлал гээч нь надад ирэх гээд байна уу гээл ичингүйрэн улайгаал...

Дурлал... за дурлал ч яамай дандаа л дурлаж байдаг юм харин сайхан хайрлаж, хайлж бас хайрлуулж хайлуулмаар байна ш дээ хэнийг ч хамаагүй хайрламаар ч юм шиг сайхан эрхлээл, яаадаг юм бас эрхлүүлээл, гошуугаа унжуулж уурлаал, гомдоол, хааяа бас хардаал, хардуулаал, хөтлөлцөж зугаалаал, ялдам хирнээ эрхэмсэг мишээгээл...

Хүүе нээрээ нэг танил бүсгүй чи их ганцаардаж байгаа гэхдээ чи өөрөө мэдэхгүй байгаа гэсэн санаанд салхилчихлаа, Эрхцас найзаа, чи минь ганцаардаж дээ, далан таваар бууж өг дөө одоо нэмэргүй ёстой ганцаардаж байгаа чинь шууд батлагдав гээл өөрийгөө жоохон явуулнаа гэсэн.

Юу болоод хамаа намаагүй баахан юм бичээд байнаа, арай би чинь Га.... чишшш....тэгж ярих юм бол галзуурч байгаа хүнийг галзуурч байнаа гэж хэлдэггүй гэсэн шүү!!! ( Жамц даргийн эхнэрээс асуугаарай та нар)

Сайхан сайхан дотороо байгаа бүхнээ гаргаж санаа амардаг юм, сэтгэл тэнийгээд л нэг л сайхан

...Ургацын далай...

гээл дуулмаар болж байна даа, миний Монголд намар болж байгаа даа, ургац хураалт гээд ажил ч их дээ, эх оронд минь намрийн налгар өдрүүд налайж, ургац хураалт гээд амьтан ах дүүс бужигнаж байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн Монголжиноо Цас би чинь бас ургац хураалтын шинэ тоног төхөөрөмжийг худалдаж авсан минь 10-дугаар сарын анхны Шоппинг боллоо.

Чанарыг шалгах ажил гарсан тул завгүй боллоо нөхдөө. Ургац хураалтын багаж хэрэгсэл хэр ид шидтэйг үзэхээр баатроом явлаа. Пока чика

Бид хамгийн түрүүнд хэнд үнэнч байх ёстой вэ???

ҮНЭН гэдэг аугаа хирнээ энгийн үг энэ үгний цаана гайхамшиг бүхэн оршдог болохоор би аугаа гэж тодорхойлох дуртай харин өдөр бүр хором, мөч бүрд хэрэглэдэг учраас энгийн гэж бодох бас л дуртай.

Бид хамгийн түрүүнд хэнд үнэнч байх ёстой вэ?

Магадгүй зарим нэг нь аав ээждээ, эхнэр хүүхэддээ, гэр бүлдээ, найз нөхөддөө гэх байх хэрэв та ингэж хэлэх гээд бодож байвал " Уучлаарай тэр худлаа " гэж би эрс шийдэмгий хэлье.

Хэн нэгэн надад энэхүү асуултыг тавих юм бол өөртөө итгэлтэйгээр " Би өөртөө " бүр тодруулбал Эрхцас бүсгүйд гэж хариулах болно.
Тиймээ би бусдад үнэнч байхаас урьтаж, өөртөө л үнэнч байхыг хүсдэг.

Одоо харин Яагаад гэдэг асуултанд хариулъя.

Яагаад гэвэл би өөртөө үнэнч биш байж яаж бусдад үнэнч байж чадах юм бэ!
Мөч бүхэнд дэргэд минь байж, алдаа оноог минь надтай хамт цэгнэж, баярлахад минь инээж, гунихад минь сэтгэл тайтгаруулдаг өөрийг, гайхалтай тэр дотоод ертөнцөө яаж хуурч би чадах юм бэ.
Гайхалтай тэр дотооддоо үнэнч байхыг хүсдэг, хичээдэг учраас бусдыг би хуурахаас айдаг.

Миний баримтладаг зарчим энгийн " Хэн ч чамайг харахгүй ээ, харин чи өөрөө өөрийгөө харж байна "

Мэдээж би эгэл жирийн л нэгэн бүсгүй, амьдралд минь алдаа оноо аль аль нь байгаа харин алдаа хийсэн бол зоригтой түүнийгээ хүлээх чадварыг өөрөөсөө би шаарддаг.

Тийм дээ ч тэрүү жоохон алдаа гаргах, миний буруутай үйлдэлээс хэн нэгэнд асуудал үүсэхэд сэтгэл зүрх болоод дотоодод амьдрах миний найз намайг маш ихээр зэмлэдэг.
Хэнээс ч илүү дотоод минь намайг зэмлэх тэр үе хамгийн хэцүү үе, тийм байдал үүсэх үгүй нь надаас шууд хамааралтай болохоор бүр ч хүнд.

Дотоод сэтгэлийн минь гэгээхэн эзэн хонгорхон тэр бүсгүйд таалагдаж түүнтэйгээ эвтэй амьдрахын тулд би өөртөө үнэнч байхыг хүсдэг, өөртөө үнэнч байж чадаж байж л бусдад би үнэн ч байна.

Үнэн ч байхаас үндэслээд " Хүндлэл, Итгэл " бас урган гарна....