Monday, August 17, 2009

Бямбажавын Энхтуяа
Охин үрээ хайрла.




Охин үрээ хайрла!
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн,төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла



Хадуурсан бодол

Нэг найз бурхан хүнийг их буруу зурдаг гэж ярьдаг юм, тэгсэн нээрээ эртээд метронд нэг хөөрхөн охин найз залуутайгаа явж байна, би яг урдаас нь хараад суучихсан байсныг ч хэлэх үү, яасан ч хөөрхөн юм гэж бодоол явж байтал гэнэт нөгөө охин чинь аймаар инээв.

Яг Орос үлгэрийн кинон дээр гардаг хорон санаатай хойд ээжийн нээг их царай муутай бүдүүн дээр нь ааш гэж авах юмгүй охид аймаар бүдүүн хоолойгоор пар пар гээд инээгээд байдаг даа, за яааг тэгж инээвэл яах уу, би бүүр цочиж айгаад гэртээ ирж гаазан дээрээ давс цацаж өөрийгөө ширгэлэв шт.

Яахаараа тийм хөөрхөн охинд тийм аймаар бүдүүн хоолой заяадаг байнаа.

За нээрээ ч хүний явдал надад ямар хамаа байнаа, миний илүү зан гэж бас байх юм, үгүй ээ гэхдээ л тэр хөөрхөн охинд нарийхаан гоё хоолой, ялдам инээд байсан бол уу...

...Би дараа төрөлдөө Цасангуа юм уу Үнсгэлжин болъё гэж бодоод байгаа, яагаад гэвээс тэд чинь амьтаны хэл мэдээд л, хулгана мурам, шувуу энэ тэртэй сүрхий ярьдаг юм байна лээ ш д.

Хааяа хүмүүстэй ярих жоохон хэцүү, адармаатай санагдахийг яаана, тэр үед Үнсгэлжин, Цасангуа нарт атаархаастай.

Заримдаа нэг аниатай юм ярихаар тэр аниа дандаа л болж бүтэхгүй юм яриад, эсвэл хүн муулаад, бүүр сүүлдээ нэг танилынхаа талаар ярьж байснаа, алчихмаар зэвүүн новш гэж хэлээд, сэтгэл сэрт хийгээд, хамаг бие шар үстэйгээ арзайж аниагаас айсан шүү.

Тэгээл амьтаны хэл мэддэг бол яасан ч амар юм гэж өөрийн эрхгүй бодсон, ер нь л дараа төрөлдуу сайхан амьтаны хэл мэддэг болж төрнөө.

Нээрээ дараа жилийн наадмаар хурдан морь унадаг юм уу гэж бүүр хадуурсан юм бодож байгаа, өнөөдөр нэг хүн надаас чи Монгол юмуу? гэж асуугаад тийм гэсэн чинь морь унадаг уу гэнэ, тэгээл гэнэт морь унаж давхимаар болоод, сүүлдээ бүүр дараа жилийн наадмаар морь унаж уралдъя байз гэж бодлоо ш д, дараа жилийн наадам даанч хол байна даа ( хэнгэнэтэл санаа алдав).

Надаар морио унуулах уяач мэдэж байгаарай та минь ээ, юмыг яаж мэдхэв найздаа хэлнээ, холоос хайхаар ойроос сур гэж манай найз чинь нээрээ хурданы морьтой юм байна ш дээ.

Дараа жилийн наадмаар морь унах асуудлыг ингээд хялбархан шийдэв, бандан тас.





Яасан их санана вэ та хоёрыгоо

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь ....

гэж ирээд ижийгээ санаад дуулж сууна даа охин чинь.
Дандаа гэж худлаа хэлэхгүй ч сүүлийн үед ижийгээ санаа л байх юм, завгүй их ажилтай болоод ч тэр уу гэрээ, аав ээжээ санах нь гайгүй л дээ.Эхийн санаа үрд ,үрийн санаа ууланд гэж л энэ байх даа.

Ээж аав 2 минь охиноороо их бахархадаг утсаар ярих болгондоо л миний охин ухаантай юм чинь гээд л, магтах үгээ олж ядан, сайхан бүхнийг л охиндоо хэлдэгсэн миний ээж.

Тав за бараг зургаан жилийн өмнө юм даа, гэрийнхэндээ хэлэлгүй арав хоног найз залуугийндаа байж билээ.

Аав ээжээсээ тусдаа ахтайгаа амьдардаг байсан болохоор агаатайгаа хуйвалдсан хэрэг, өглөө болгон ээжийг ярихаар агаа, унтаж байна, усанд орж байна, дөнгөж сая гарчихлаа гэж нөхцөл байдалд тааруулсан худлаа ярьсаар лав 7 хоног аргалчихсан байсан, би заримдаа өдөр нь гэртээ байнаа гээд л худлаа ээжрүү ярьчихдаг байсансан.

Харин ээж минь зөнгөөрөө охин нь нэг л хол байгааг мэдрээд гэрт ирж хоноход нь би байдаггүй тэгээд л ах бид хоёрын хуйвалдааныг ээж мэдэж том асуудал үүслээ.

Ээж минь сайн мөрдөн байцаагч хийсэний эцэст намайг хаана, хэнтэй байгааг тэр дороо л мэдэж найз залуугийн минь гэрт ирсэн ч бид хоёр хаалгаа тайлалгүй гүрийсэн учир ээж, ах, ээжийн дүү гэсэн мөрдөгчидийн бүрэлдэхүүн цоожтой хаалга сахин сууж, сууж явсан даа.

Би гэдэг хүн дөнгөж хорь хүрч байсан жаахан охин, ээж минь санаа зовж байгааг мэдэв ч хайрын мананд айдастай жаргалтай байсаар л...

Харин маргааш нь айж эмээсээр, хулган байж гэртээ ороход ээж минь, охин нь ирсэнд баярлав ч арав хоног худлаа хэлээд айлд байсанд минь гомдож зөндөө их загнаж бүр зодсонсон.

Сэтгэл маш ихээр тэр үед л өвдсөн, ээж минь охиноо гэрээсээ бүр явчихлаа гэж айхдаа аргаа баран шөнө босоод хөхөөрөө даллаж дуудсан гэж ярихад, сэтгэл өмрөх шиг л болж, ижийгээ хайрлаж бас өрөвдөж өөрийгөө зэмлээд хоолойн дээр бөөн хар юм тэглээд, нулимс бөөн бөөнөөрөө бөмбөрөөд сууж билээ.

Ижийгээ дутуу нойртой хонож байхад би нэгэн залуугийн тэвэрт эрхлэн нам унтаж байсан даа, айдастай ч жаргалтай ч хоногууд байжээ.

Тэр бүхнээс хойш ээж охин хоёрын дунд нууц байхаа больж, хаашаа ч явсан, хэнтэй ч уулзсан аав, ээж гэр бүлийнхэнээсээ бүгдээс нь асуудаг хүмүүжил надад тогтсон доо.

Энэ бүхэн аавыг хөдөө явсан үеэр болсон болохоор гэртээ эргэж ирэхэд нь ээж болсон бүхнийг аавд хэлсэн болов ч аав минь охиноо зэмлээгүй юм даа.

Одоо харин аав, ээж хоёр минь тайван сайхан унтаж байгаа байх даа, тиймээ та хоёр минь одоо тэнэгхэн охиндоо санаа битгий зовоорой, ухаалагаар өөрийгөө зөв сайхан авч явах чадвартай болсоон охин чинь.

Хааяа та хоёрыгоо маш их санах юм, завгүй амьдарч байхад минь нэг л өдөр утас дуугараад муу мэдээ сонсохвий гэхээс дотор харанхуйлж, хоолой загирах юм ...түй түй түй... муу бүхэн хол л байгаасай.

Өнөөдөр яг одоо яасан их санаж байнаа, та хоёр минь бас санаад зүүдлэж байгаа байх даа.

Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна.

Завгүй өдрүүд ар араасаа цуварсаар хорвоогийн нэгэн өдөр дурсамж болон үлдлээ

Аа яа яа... 6pm - 11pm хүртэл хөнгөний тамирчин шиг л байлаа
өөрт оногдсон хэн ч биш би л өөрийнхөөрөө мэдэрч чадах миний л амьдрал, зовсоны эцэст жарганаа хөө гээд л Эрхцас найзыгаа хэмх сэнхрүүлэх юм даа.



Хэ хэ хүн амьдралаа эхнээс нь ярьдаг бол би шууд л оройноос нь ярьчих юм, эхнээс нь гэснээс өнөө өглөө метронд орохтойгоо зэрэгцээл номоо уншлаа, өнөөх л Сидни Шелдон-ний цуврал " Цусан төрлийн барилдлага " тэгсэн бүр номондоо ороод айл амьтаны ичгүүр сонжуургүй хэрүүлийг харж явсаар хоёр буудал хэтэрчихсэн байдаг байгаа, ирсэн замаараа уншсан номоо барьсаар буцах замаас нь дахиад метрондоо сууж ажил дээрээ нэг юм очлоо.

Ажил эхлээгүй байхад л бараг цайны цагийг хүлээгээстэй (яасан номоо уншчих гээл,айл амьтаний хэрүүл энэ тэрийг сонсчих гээл) сэтгэл зүрх хачин байсаар хүлээсэн учрал дохиож цайнү цаг боллоо үгүй юу л чикавнааса номоо гаргаж таг ширтээстэй уншиж уншиж, ганц бие бүсгүйд тохирох ном биш болохыг ойлгосон шүү. Яагаад ингэж ойлгов гэхээр өнөөх ном маань бараг л эротик талдаа болж таарсан, больё чиш тайван амьдармаар байна гээд буцаагаад л чикавандаа хийчихсэн дэмий номыг, гэхдээ яахав найз залуу болохоороо унших санааг дотороо агуулаастай.

Дэмий цагт дэмий ном уншаад элдэвийг бас бодож тархи толгой, сэтгэл зүрх хямарчих гээд л цайны цаг нэг тиймэрхүү.

Мөстэй кофе намайг сэргээгээстэй, завшааныг ашиглаад түүнд бас талархая байз, сүүлийн хоёр жил лав намайг сэргэлэн болжмор лугаа адил сэргээж байгаам хөөрхий, хэн гээч хүний үр санаж сэдсэн юм бол доо.

Сонин сонин юм даанчиг их байх юм, бодоол байсан " Амьдрал " гэдэг чинь хүлээлгийн танхим ч юм шиг, хэнийг, юуг, яах гэж хүлээж буйгаа мэдэхгүй ч дандаа хүлээгээстэй, мэдэхгүй ээ уг нь надад л лав хүлээсэн хүн байхгүй, гэхдээ л сэтгэл нэг юмыг яг л хүлээгээл... хүлээгээл... байн байн цагаа хараад л, ажил дуусав уу үгүй юу утасаа шалгаастай, энэ юуны дохио вэ??? Дурлал гээч нь надад ирэх гээд байна уу гээл ичингүйрэн улайгаал...

Дурлал... за дурлал ч яамай дандаа л дурлаж байдаг юм харин сайхан хайрлаж, хайлж бас хайрлуулж хайлуулмаар байна ш дээ хэнийг ч хамаагүй хайрламаар ч юм шиг сайхан эрхлээл, яаадаг юм бас эрхлүүлээл, гошуугаа унжуулж уурлаал, гомдоол, хааяа бас хардаал, хардуулаал, хөтлөлцөж зугаалаал, ялдам хирнээ эрхэмсэг мишээгээл...

Хүүе нээрээ нэг танил бүсгүй чи их ганцаардаж байгаа гэхдээ чи өөрөө мэдэхгүй байгаа гэсэн санаанд салхилчихлаа, Эрхцас найзаа, чи минь ганцаардаж дээ, далан таваар бууж өг дөө одоо нэмэргүй ёстой ганцаардаж байгаа чинь шууд батлагдав гээл өөрийгөө жоохон явуулнаа гэсэн.

Юу болоод хамаа намаагүй баахан юм бичээд байнаа, арай би чинь Га.... чишшш....тэгж ярих юм бол галзуурч байгаа хүнийг галзуурч байнаа гэж хэлдэггүй гэсэн шүү!!! ( Жамц даргийн эхнэрээс асуугаарай та нар)

Сайхан сайхан дотороо байгаа бүхнээ гаргаж санаа амардаг юм, сэтгэл тэнийгээд л нэг л сайхан

...Ургацын далай...

гээл дуулмаар болж байна даа, миний Монголд намар болж байгаа даа, ургац хураалт гээд ажил ч их дээ, эх оронд минь намрийн налгар өдрүүд налайж, ургац хураалт гээд амьтан ах дүүс бужигнаж байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн Монголжиноо Цас би чинь бас ургац хураалтын шинэ тоног төхөөрөмжийг худалдаж авсан минь 10-дугаар сарын анхны Шоппинг боллоо.

Чанарыг шалгах ажил гарсан тул завгүй боллоо нөхдөө. Ургац хураалтын багаж хэрэгсэл хэр ид шидтэйг үзэхээр баатроом явлаа. Пока чика

Бид хамгийн түрүүнд хэнд үнэнч байх ёстой вэ???

ҮНЭН гэдэг аугаа хирнээ энгийн үг энэ үгний цаана гайхамшиг бүхэн оршдог болохоор би аугаа гэж тодорхойлох дуртай харин өдөр бүр хором, мөч бүрд хэрэглэдэг учраас энгийн гэж бодох бас л дуртай.

Бид хамгийн түрүүнд хэнд үнэнч байх ёстой вэ?

Магадгүй зарим нэг нь аав ээждээ, эхнэр хүүхэддээ, гэр бүлдээ, найз нөхөддөө гэх байх хэрэв та ингэж хэлэх гээд бодож байвал " Уучлаарай тэр худлаа " гэж би эрс шийдэмгий хэлье.

Хэн нэгэн надад энэхүү асуултыг тавих юм бол өөртөө итгэлтэйгээр " Би өөртөө " бүр тодруулбал Эрхцас бүсгүйд гэж хариулах болно.
Тиймээ би бусдад үнэнч байхаас урьтаж, өөртөө л үнэнч байхыг хүсдэг.

Одоо харин Яагаад гэдэг асуултанд хариулъя.

Яагаад гэвэл би өөртөө үнэнч биш байж яаж бусдад үнэнч байж чадах юм бэ!
Мөч бүхэнд дэргэд минь байж, алдаа оноог минь надтай хамт цэгнэж, баярлахад минь инээж, гунихад минь сэтгэл тайтгаруулдаг өөрийг, гайхалтай тэр дотоод ертөнцөө яаж хуурч би чадах юм бэ.
Гайхалтай тэр дотооддоо үнэнч байхыг хүсдэг, хичээдэг учраас бусдыг би хуурахаас айдаг.

Миний баримтладаг зарчим энгийн " Хэн ч чамайг харахгүй ээ, харин чи өөрөө өөрийгөө харж байна "

Мэдээж би эгэл жирийн л нэгэн бүсгүй, амьдралд минь алдаа оноо аль аль нь байгаа харин алдаа хийсэн бол зоригтой түүнийгээ хүлээх чадварыг өөрөөсөө би шаарддаг.

Тийм дээ ч тэрүү жоохон алдаа гаргах, миний буруутай үйлдэлээс хэн нэгэнд асуудал үүсэхэд сэтгэл зүрх болоод дотоодод амьдрах миний найз намайг маш ихээр зэмлэдэг.
Хэнээс ч илүү дотоод минь намайг зэмлэх тэр үе хамгийн хэцүү үе, тийм байдал үүсэх үгүй нь надаас шууд хамааралтай болохоор бүр ч хүнд.

Дотоод сэтгэлийн минь гэгээхэн эзэн хонгорхон тэр бүсгүйд таалагдаж түүнтэйгээ эвтэй амьдрахын тулд би өөртөө үнэнч байхыг хүсдэг, өөртөө үнэнч байж чадаж байж л бусдад би үнэн ч байна.

Үнэн ч байхаас үндэслээд " Хүндлэл, Итгэл " бас урган гарна....

Tuesday, April 7, 2009

Гадаа нартай ч гэрт хүйтэн

Идэр есийн жавар тачигнах өвлийг өглөө ээждээ хөтлүүлэн цэцэрлэгийн албанд явахдаа шар ултай, бор өнгийн " Монтана " нэртэй гутлаа өмсөж явах их дуртай байсансан.

Өвлийн хүйтэнд ул нь хөлдөөд хальтрах хэдий ч гоё сайхан тэр гуталд дурлахдаа, хальтарч унахыг ч үл тоон, аав ээжээсээ зөрөн байж өмсдөг байсан юм. Миний гангараа болсон тэр гуталыг авга ах минь Германаас авчирч өгсөнсөн.

Бага нас болоод авга ахын тухай бодох бүрд " Монтана " хэмээн нэрийдсэн, шар ултай, бор өнгийн хагас түрийтэй гутал минь хамгийн түрүүнд санагддаг.

Намайг ухаан орсон цагаас л авга ах минь дэргэд байсан, үнэндээ бол намайг төрөхөд ч бас л дэргэд байсан, гэвч би түүнийг ухаан орж эхэлсэн тэр үеэсээ л сайн мэддэг юм.

Тээврийн жолооч тэрээр аавтай минь хамт олон ч жил тээвэрт явж гарав ч, оров ч хамтдаа л байх. Ер нь тэр хоёр холдож, хөндий байсан нь үгүй. Холын тээвэрт явсан нэгнээ харуулдаж, ханиас нь илүү хоног тоолон, чимээ чагнан хүлээнэ. Амьтан ах дүүгийнд очих, баяр ёслолоор гарч орохдоо ч нэгэндээ хэлэхгүй явах нь үгүй. Цагаан сараар идээ бэлтгэн, айраг цагаа авахдаа нэгнээ үлдээж, хоосон орхилгүй авч байгаа зүйлээ адилхан л авчихдаг байж билээ. Авгынх манай хоёрын идээ бараг л ижил байдаг байж. Битүүлэх болоод шинэлэхдээ танай цай буцлаа юу, манай бууз болоо юу, манайх шинэллээ, танайх шинэлэв үү гээд л асууж лавлан нэгнээ хүлээдэгсэн. Сайхан ч байж дээ.

Жил өнгөрч, нас нэмэх хирээр тэд минь өтөлсөөр л байсан. Өтлөн байгаа тэднийг хараад өндөр болж, нас нэмхийг би хүсэхгүй байсан юм. Намайг л нас нэмж өндөр болох хирээр тэд минь жижгэрч, санчиганд нь буурал хяруу гялтагнаад, чадал тэнхээ нь суларч, насны нар нь хэвийнэ. Гэлээ гээд энэ цаг хугацаа, тавилан заяаг би өөрчилж хүчрэх биш дэмий л санааширна.

Авгыг минь сайхан залуу байсан гэж ээж минь яриад, гэхдээ эднийхнээс хамгийн царайлаг нь аав чинь гээд хошигнох нь хөгжилтэй. Авга минь нилээн оройтож хүнтэй сууж билээ.

Шаргал нар ээсэн дулаахан өглөө, гаднаас ээж минь сандран орж ирээд авга нь эхнэр охиноо авчирлаа миний хүүхдүүд босоорой гэснээр манайд шинэ бэр, хөөрхөн охин хоёр ирж байсныг би тод санадаг юм. Үсээ хоёр хуваан сүлжээд, өнгийн туузаар гоёмсог цэцэглэсэн, жижигхэн шар охин ирсэнээр би тоглох хүүхэдтэй болж нар минь гарсансан.

Ингээд л авга минь сайхан амьдарч таван сайхан хүүдийн эцэг болон, халуун дулаан гэр бүлийг бүтээж, сайн сайхан авч явж чадсан ачлалтай бахархам Аав байлаа.

Жаргаж зовох аль ч үед бид бие биеэ түшин хамтдаа байсан болоод ч тэрүү авгуудаас сэтгэлд дотно нь энэ л авга ах минь. Үнэндээ ааваас өөрцгүй хүн.

Буруугаар явахад загнаж чаддаг, зөвөөр явахад магтаж чадах, наанаа хатуу ч цаад сэтгэл нь зөөлөн сайхан эр хүн л гэж түүнийг би хүндлэн хайрладаг.

Амьдралд гарсан аливаа бэрхшээл бүхний өмнө авга минь хамгийн түрүүнд туслах гээд ороод л ирдэг байсансан. Гэрийнхэн угаартаад шөнө дөлөөр, бараг бүгд шахуу эмнэлэгт хүргэгдэн очсон гэдгийг дуулаад яарч сандран эмнэлэгт очиход авга минь хувцасыг нь бариад гадаа нь гав ганцаараа хана налан зогсоог хараад ямар их баярлаж, тэр дүрийг нь марталгүй санан ийм л үед нь хамгийн түрүүнд туслах юм шүү гэж дотроо би бодож явсан юм.

Нүдний минь өмнө эрийг нас, уулыг цас дарсаар байсан ч тэр жавхаалаг хэвээрээ л байсан. Харин жилийн өмнө эхэлсэн өвчин хэдхэн сарын дотор түүнийг өтлүүлэн ядраасан ч авга минь өвчинөө даван гарна гэсэн итгэл зориг дүүрэн байж эцсийн амьсгал авах хүртэлээ тэмцсэн.

Ооны эвэр шиг хоёрхон гээд л хүмүүс ярихыг бишгүй л сонссон. Харин одоо бодоход оонын эвэр шиг хоёрхон гэгдэхээр хүмүүс аав минь болоод авга минь л байж дээ. Нялх балчир, залуу сайхан нас хийгээд амьдралынхаа бүхий л цаг үед өдөр бүр, хором мөчийг ч алдалгүй хамтдаа байж, зовлон жаргалаа ярилцан, оров ч гарав ч хамт байсан ах дүү хоёрсон.

Оонын эвэр шиг хослон байсан дүү нь ханиа, үр хүүхдээ, хайртай бүхнээ орхиод холын хол явж, аав минь сондгойрон хоцорлоо. Ай яасан уйтай...

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр ганц бус тохиолдоно оо гэж....

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Tuesday, March 10, 2009

Эл хуль

Сэмжин үүлсээр гоёсон тэнгэр, жаргаж буй нарны улбар шар өнгөөр хаяагаа эмжих тэр агшин юутай тансаг. Түр зуурхан орсон ширүүн борооны дараа хойд талын задгай бүсэд ( ажлын гадаах тамхины бүс ) суугаад тансаг гоёхон тэнгэрийн дор газар дэлхийг чимэн хэдэн зуун жилээр ч юм чимээгүй лүглийн байх өвгөн моддыг болоод түүний салаа мөчирөөс нэгэн амьдрал болон унжих залуу жаахан навчисын дэггүйрхэх мэт зөөлөн сэрчигнээтэй хорших мэлхийн дууг сонсон сэрүүхэн салхинд хацар илбүүлж суухад яагаад ч юм ойн төгөлд байгаа мэт сайхан байдагсан.

Задгай бүсийн эсрэг талд ёолтгор гэрэлтэй хуучин байшинд орчин үеийн үйлчилгээний танхим олны хөлд дарагдан тэр хирээр чимээ ихтэй ч надад саад болох нь нэгээхэн ч үгүй. Чанх өмнөөс минь нүүр тулаад шахуу сууж хундага тулгах тэдэн дунд ганц нэг зүс мэдэх хүмүүс харагдах нь харин ч таатай байсан мэт.

Жил тойрон тэр байшингийн хажуугаар гарч алхахдаа модон эдлэлийн наймаа эрхэлдэг Дэвид болоод түүний эхнэр хоёртой мэнд мэдэн даруухан инээмсэглээд, ёлтгор гэрэлтэй үйлчилгээний төвийн танил хэдэн залуустай гар даллан мэдэлчихээд ажилдаа ирдэг байлаа.

Харин одоо хэнтэй ч мэдлэх шаардлаггүй учир нь тэд бүгд нүүсэн. Хэрэгтэй бүхнээ аваад хаа нэг тийшээ нүүж дурсамж болоод чимээгүй дүнсийх эртний байшин бид хэд л үлдэж эл хульхан болсон.

Анзаарагдаж, амьдралд минь нэг их ач холбогдолгүй ч гэлээ жижиг сажиг зүйлс өөрчлөгдөхөд би тийм ч дуртай бус. Бүр ч эсрэгээрээ үгүйлэн сэтгэл үймрэх янзтай. Бусдад бол ёлтойн гэрлээ асааж, олны хөл болоод инээдэнд дарагддаг байсан тэр байшин, өмнө нь ямар байгаад одоо ямар болсон нь тийм ч сонин биш биз. Гэтэл миний сэтгэл гадаа суухад зориулагдсан, жижиг бүсийнх нь довжоо болоод шатны гишгүүр, хөндлөвч мод, төмөр дээврийг нь нураан байгааг хараад сэмрээд урагдах мэт хөндүүрлээд байх юм.

Эвдлэх гэдэг дэндүү амархан юм хэдхээн хором л зарцуулагдана, жижигхэн хэдий ч тэр саравчийг босгоход харин их цаг, их хөлс орсон нь мэдээж.

За аа гэхдээ " Эд нураалаа ч өмнө нь байснаас ч илүү сайхан болгохоо мэдэх улс " ийнхүү бодсон ч сэтгэл дээрдэх янз бас л алга.

Чухам юунд ингэтэлээ ихээр эмзэглээ юм бол, жаахан бодож суулаа. Эмзэглэх учир байшин болоод эвдэрч алга болох довжоо, шатны гишгүүрт баймгүйсэн. Учраа олохгүй байгааг мэдэх мэт, төмөр тонших алхны дуу улам ойтсоор, цээжин тушаа цохих мэт сэтгэл бүр ихээр өвтөнө.

Хэн нэгний овлиггүй сэтгэлийн хорон үгс яг ингээд л сэтгэл нүдэж, шарх үлдээдэг гэвч овилоггүй сэтгэлтэн мэдэхгүй улам ихээр нүдэж, хэн хэндээ хэрэггүй үгээр сэтгэл дэхь ханыг нураах гэдэг ч сэтгэл ханаа юу юугүй нураачихдаггүй, гэхдээ л өвдөөд хоцордог.

Өвдөх тусам зөөлөн инээдний цаана сүүмэгнэх хорт үгс яг л төмөр нүдээд эвдэж нураах хүнд алх мэт сэтгэл дээр хэдэнтээ бууна. Уг нь тэр алх, эдийг эвдэх бус бас эвлүүлж чаддагсан. Даанч алх барьсан гар эвдэх гээд далайсан бол эвдэхээс ч өөр яах билээ. Алхыг барих гар шиг сэтгэлийг захирах хүн хорыг дуулгаж, доош даръя гэсэн бол үг хэдий сайхан уран яруу ч сэтгэлийг өвтгөн зовоох нь гарцаагүй.

Магад би өөрөө ингэж явсан ч байж мэднэ. Өнгөрсөн амьдралын замыг мөшгин цаг алдалгүй, өмнө минь угтах урт замд хорын үгийг уруул давуулан бусдад дуулгаж, хүнд алх мэт хатуу үгсээр сэтгэлийг нь өвтгөн нүдэлгүй, түшиг шиг түшиг, нөхөр шиг нөхөр л явъя...

Өнөөдөр тэр байшин бас миний сэтгэл эл хуль ч сэмжин үүлсээр гоёсон тэнгэр мандах нарны шаргал туягаар хаяагаа эмжин шинэхэн өдөр эхлэхэд бүх зүйл мартагдан тэртээд үлдэх нь гарцаагүй.

Monday, January 19, 2009

Миний блогоор орж, сэтгэлийн минь ертөнцөөр аялах та бүхэндээ баярлалаа

Хорвоогийн өдөр бүхэн надад дандаа шинэ юм шиг ямар сайхан эхлэдэг гээч, за гэхдээ яахав хааяа жоохон нойрмог эхлээд байдаг юм, тэр бол хорвоо нойрмог биш Эрхцас миний бие л нойрмог босдог нь гарцаагүй.

Өглөө сэрээд блогоо нээтэл надад сэтгэгдэл үлдээсэн байдаг байгаа, энэ чинь урам бас дахин урам, бид чиньбие биеэ түшиж, дэмжиж амьдардагын тод томруун жишээ.
Баярлаад л уншлаа, уншчихаад дахиад л баярлалаа энэ завшааныг ашиглаад гэж байгаад л Амараа найздаа баярлалаа гэж хэлнэ шүү!!!

Тэгээд л нэгэн багшийн минь бичиж өгч байсан '' Бичээд бай '' гэдэг үг нүдэнд харагдаад л сайхан юмаа.

Нээрээ сайхан гэснээс өчигдөр жоохон тоогүй зүйл болсоон, блогтоо дахиад нэг шинэ бичлэг оруулах гээд уг нь их сайхан зүйл бичлээ, би өөрөө уншлаа, тун дажгүй шүү их тоолоо, тоохгүй гээд ч яахав дээ, миний л сэтгэл зүрхнээс урсан гарч та бүгдийн сэтгэл зүрхэнд хүрч, догдлол хайр төрүүлэхээр үнэхээр дажгүй бичлэг боллоо, гэвч яав юу болов гэхийн зуургүй л ПС минь унтарчихдаг байгаа, хайран зүйл минь яайран болохыг нүсээрээ харсан би чинь дэмий л хошуугаа унжуулаад боссон доо хөөрхий, пс-гээ ч харааж зүхсэнгүй, угаасаа би хараалын үг мэдэх ч биш, мэдэхийг ч хүсдэггүй, тэгээд ч пс минь л байхгүй бол би чинь юун блог, юун нэт тэрийгээ мэдэх болохоор пс-г минь эмчилдэг оточ маарамба, ноён Симбаг хүлээсэн юм даа, тэр маарамбын ачаар дахиад пс бид хоёр чинь өөд өөдөөсөө шомбойж суугаал Эрхцас авхайн сэтгэлээс урсан гарах үг бүрийг үсэг гээлгүй шимтэн бичиж суугаа нь энэ шүү дээ таминээ.

Өчигдөр Америк тивын хамгийн баян зохиолч болох Сидни Шелдоны '' Өглөө, Өдөр, Шөнө '' нэртэй адал явдалт романыг уншаад дуусгачихлаа, эхлээд л шууд номондоо орчихдог байгаа.

Америкын тэргүүн баячуудын нэг Гарри Стэнффордын үхэл, тэдний хүүхдүүд гээд л, Гарри Стэнффорд аймаар ч юм шиг, аугаа ч юм шиг, түүнээс дутахааргүй түүний хүү шүүгч Тайлер Стэнффорд....

Мөнгө улаан, нүд цагаан гэж найзууд минь зав гаргаад заавал уншаарай их сонирхолтой ном байна лээ, миний адилаар та нар ч бас тэр номонд Стэнффордын хүүдүүдтэй тэдний харшид хамт байх болно гэдэгт итгэлтэй байна.

Бас нэг асуух юм байнаа, ном уншихаар толгой өвдөөд байх юм энэ юуных вэ? эсвэл тархи минь тахианых болж байгаа юм болов уу гээд бас юу юугүй айх юмаа, за төвөг төвөг, аль юмнаас айж алгийн чинээ болдог юм тэ, тэгээд ч тахиа тэнэг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд, нэг найз минь тахианы тархиа ажлуулаач гэсээр байгаад л би тэр үгийг нь өөрийн болгоод авчихсан юм, гэхдээ нээрээ зарим хүмүүсийг харахаар тахиан тархитай, модон толгойтой, яст мэлхийнээс ч удаан байх юмаа, тийм хүмүүс ихэвчлэн энэ халуун оронд л илүү их анзаарагдаад байгаа шүү.

Тийм хүмүүсийг хараад жилийн дөрвөн улиралтай, бодож сэтгэх нь хурдан, ямар ч ажилд эв дүйтэй, ухаалаг Монгол хүн болсондоо баярлах, бахархах сэтгэл төрдөг шүү, гэхдээ би бусад улс үндэстэнийг дордомжилж байгаа юм биш л дээ, үнэхээр л Монголчууд бид нар ямар их азтай хүмүүс болохийг бидэнд, оюуны хичнээн их гайхамшигт чадвар байгааг мэдрэх тусмаа бахархахгүй яахав дээ.

Энэ тухай дараа жич ярилцах болноо, бид азтай хүмүүс шүү!!
!

Миний ертөнц, та бүгдийн өмнө сэтгэлийн хөшигөө нээлээ

Юуны өмнө шинэ блогтой болсондоо та бүгдийн өмнөөс өөртөө баяр хүргэе!!!

Одоо харин энэ блогоо хүн шиг сайн хөтлөхийг хичээнгүйлэн гуйя, чамайг чадна гэдэгт найз нь итгэж байна.
Миний ертөнц, та бүгдийн өмнө сэтгэлийн хөшигөө нээлээ.

Ингээд л амьдралд минь үл мэдэх шижимээр холбогдох та бүгдэд өөрийгөө танилцуулъя.

Эрхцас нэртэй бүсгүй би цас шиг цагаан царайтай биш ч, цас шиг сайхан сэтгэлтэй, сайн сайхныг хүсэн, сайн сайхан бүхнийг бодож явдаг билээ.

Юу байна? гэдэг асуултанд '' Сайн сайхан бүхэн, сайхантайгаа байнаа'' гэж хариулдаг хариултаар минь зарим нэг нь намайг таниад, ''өө хөө ашгүй та блогоо нээгээ юу'' гээд баярлах нь мэдээж байх.

Тийм ээ өнөөдөр Балжинням, Дашням гээд олон нямууд давахцсан өдөр мөн бишийг нь мэдэхгүй ч ямар ч байсан өглөө босоод анд найз заяаны хань ПС-гээ асааж аваад, санаа амрахгүй Таталбар, Нана, Чандмань нарын блогоор ороод гарлаа, энэ хэд чинь миний зүрхийг догдлуулж, цусыг багасгаад байдаг нөхдүүд байгаа юм.

За тэр Нана бол бүүр яг миний боддогийг блог болгоод бичээд байна, би бүр гайхнаа, энэ чинь миний саяхан бодож байсан зүйл, эсвэл надад тохиолдож байсан гээд л гэтэл амьдрал гээч чинь бид бүгдийг яг адилхан шалгуураар шалгаад л харин бид тэрхүү шалгуурт өөр өөрсдийнхөөрөө бэдчиж, бүдчээд л явдаг юм байна даа гээд энэ хэдэн найзуудынхаа блогийг уншиж мэдсэн цагаасаа боддог болсон ш дээ.

Өө тийм би чинь хорин зургаахан настай залухан сайхан бүсгүй байгаа юм, уг нь бол Сэтгүүлч гэдэг мундаг мэргэжилтэй болов ч амьдрал хэмээх завьнаа суугаад алсын аянд гараад сэтгүүлч гэдэг мэргэжилээ тэс өөрөөр сольж андуураад ч юм уу, эндүүрээд ч юм уу аль эсвэл ''Амьдрал'' гэдэг реалитинд оролцоод ''Би хэн бэ?'' гэдэг даалгавар биелүүлээд ч байгаа юм уу, одоо бол үйлчилгээний ажилтан болсоон хө, даалгавараа сайн биелүүлж, ''Би хэн бэ?'' гэдгээ найз нь олж мэднэ гэдэгтээ итгэлтэй байгаа шүү харин ч нэг.

Нэг удаа санаандгүй явж байгаад нэгэн бөөтэй таарсан юм, тэгсэн тэр бөө заяаны ханийн минь тухай юу ч хэлэхгүй, биеийн байдлын талаар эрүүл мэндийн багахан хичээл баахан зааж байгаад, чиний амьдрах газар бол Номхон далай хавиар байна даа, гэсэн нь таарсан уу яасан, ямар ч байсан нээрээ л би одоо Номхон далайн нэгэн жижиг улсад амьдарч араас минь сэнс үлээж, урдаас минь нар төөнөөд л та бүгдэд сэтгэлийн хөшигөө нээж сууна даа.

Хөгжилийн тулгуур бодлого гэдэг, ямартаа ч би бодлоор амьдардаг болоод бараг хоёр жил болж байна даа, завгүй их ажилтай болохоор зөвхөн би бодож л амжидаг гэх үү дээ,хааяа маш хэрэгтэй зүйл боддог хэдий ч тэмдэглэж авах бололцоогүйгээс цас шиг цагаанхан бодол минь Цасжин миний дотор уусан алга болж, түүнийг би л мэдэж мэдэрч, тэр минь наддаа л уусан алга болж, надаас гарч наддаа л шингэдэг гэхүү дээ.

Харин өнөөдрөөс эхлээд өөртөө уусгахгүй та бүгдэд хүргэх болноо, хэн нэгэнд хэрэгтэй бас хэн нэгэнд сонирхолтой байна гэдэгт итгэж байна, угаасаа хүн гэдэг амьтан чинь сониуч содон ш дээ, яг над шиг бас Нана шиг, Таталбар шиг, Чандмань шиг, Тогоруу яг бид нар шиг л байхгүй юу даа, угаасаа л бид бүгд чинь хүн юм чинь, тийм биз дээ.

За хөө яалаа ийлээ, хамт амьдардаг найз минь ирчихээд бөртийтлөө хараад хэвтээд байна, тиймээс хувиа хичээхгүй найздаа ПС-гээ шилжүүлье гэж бодож байна, нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнээ гэж!!!

Ингээд миний энэхүү блог ертөнц амжилттай эхлэж байгааг тэмдэглээд угаалагийн өрөөгөө сайхан цэвэрлээдхэе хө.

Амьдрах бас бодох сэтгэх гэдэг ямар сайхан юм бэ!!!