Идэр есийн жавар тачигнах өвлийг өглөө ээждээ хөтлүүлэн цэцэрлэгийн албанд явахдаа шар ултай, бор өнгийн " Монтана " нэртэй гутлаа өмсөж явах их дуртай байсансан.
Өвлийн хүйтэнд ул нь хөлдөөд хальтрах хэдий ч гоё сайхан тэр гуталд дурлахдаа, хальтарч унахыг ч үл тоон, аав ээжээсээ зөрөн байж өмсдөг байсан юм. Миний гангараа болсон тэр гуталыг авга ах минь Германаас авчирч өгсөнсөн.
Бага нас болоод авга ахын тухай бодох бүрд " Монтана " хэмээн нэрийдсэн, шар ултай, бор өнгийн хагас түрийтэй гутал минь хамгийн түрүүнд санагддаг.
Намайг ухаан орсон цагаас л авга ах минь дэргэд байсан, үнэндээ бол намайг төрөхөд ч бас л дэргэд байсан, гэвч би түүнийг ухаан орж эхэлсэн тэр үеэсээ л сайн мэддэг юм.
Тээврийн жолооч тэрээр аавтай минь хамт олон ч жил тээвэрт явж гарав ч, оров ч хамтдаа л байх. Ер нь тэр хоёр холдож, хөндий байсан нь үгүй. Холын тээвэрт явсан нэгнээ харуулдаж, ханиас нь илүү хоног тоолон, чимээ чагнан хүлээнэ. Амьтан ах дүүгийнд очих, баяр ёслолоор гарч орохдоо ч нэгэндээ хэлэхгүй явах нь үгүй. Цагаан сараар идээ бэлтгэн, айраг цагаа авахдаа нэгнээ үлдээж, хоосон орхилгүй авч байгаа зүйлээ адилхан л авчихдаг байж билээ. Авгынх манай хоёрын идээ бараг л ижил байдаг байж. Битүүлэх болоод шинэлэхдээ танай цай буцлаа юу, манай бууз болоо юу, манайх шинэллээ, танайх шинэлэв үү гээд л асууж лавлан нэгнээ хүлээдэгсэн. Сайхан ч байж дээ.
Жил өнгөрч, нас нэмэх хирээр тэд минь өтөлсөөр л байсан. Өтлөн байгаа тэднийг хараад өндөр болж, нас нэмхийг би хүсэхгүй байсан юм. Намайг л нас нэмж өндөр болох хирээр тэд минь жижгэрч, санчиганд нь буурал хяруу гялтагнаад, чадал тэнхээ нь суларч, насны нар нь хэвийнэ. Гэлээ гээд энэ цаг хугацаа, тавилан заяаг би өөрчилж хүчрэх биш дэмий л санааширна.
Авгыг минь сайхан залуу байсан гэж ээж минь яриад, гэхдээ эднийхнээс хамгийн царайлаг нь аав чинь гээд хошигнох нь хөгжилтэй. Авга минь нилээн оройтож хүнтэй сууж билээ.
Шаргал нар ээсэн дулаахан өглөө, гаднаас ээж минь сандран орж ирээд авга нь эхнэр охиноо авчирлаа миний хүүхдүүд босоорой гэснээр манайд шинэ бэр, хөөрхөн охин хоёр ирж байсныг би тод санадаг юм. Үсээ хоёр хуваан сүлжээд, өнгийн туузаар гоёмсог цэцэглэсэн, жижигхэн шар охин ирсэнээр би тоглох хүүхэдтэй болж нар минь гарсансан.
Ингээд л авга минь сайхан амьдарч таван сайхан хүүдийн эцэг болон, халуун дулаан гэр бүлийг бүтээж, сайн сайхан авч явж чадсан ачлалтай бахархам Аав байлаа.
Жаргаж зовох аль ч үед бид бие биеэ түшин хамтдаа байсан болоод ч тэрүү авгуудаас сэтгэлд дотно нь энэ л авга ах минь. Үнэндээ ааваас өөрцгүй хүн.
Буруугаар явахад загнаж чаддаг, зөвөөр явахад магтаж чадах, наанаа хатуу ч цаад сэтгэл нь зөөлөн сайхан эр хүн л гэж түүнийг би хүндлэн хайрладаг.
Амьдралд гарсан аливаа бэрхшээл бүхний өмнө авга минь хамгийн түрүүнд туслах гээд ороод л ирдэг байсансан. Гэрийнхэн угаартаад шөнө дөлөөр, бараг бүгд шахуу эмнэлэгт хүргэгдэн очсон гэдгийг дуулаад яарч сандран эмнэлэгт очиход авга минь хувцасыг нь бариад гадаа нь гав ганцаараа хана налан зогсоог хараад ямар их баярлаж, тэр дүрийг нь марталгүй санан ийм л үед нь хамгийн түрүүнд туслах юм шүү гэж дотроо би бодож явсан юм.
Нүдний минь өмнө эрийг нас, уулыг цас дарсаар байсан ч тэр жавхаалаг хэвээрээ л байсан. Харин жилийн өмнө эхэлсэн өвчин хэдхэн сарын дотор түүнийг өтлүүлэн ядраасан ч авга минь өвчинөө даван гарна гэсэн итгэл зориг дүүрэн байж эцсийн амьсгал авах хүртэлээ тэмцсэн.
Ооны эвэр шиг хоёрхон гээд л хүмүүс ярихыг бишгүй л сонссон. Харин одоо бодоход оонын эвэр шиг хоёрхон гэгдэхээр хүмүүс аав минь болоод авга минь л байж дээ. Нялх балчир, залуу сайхан нас хийгээд амьдралынхаа бүхий л цаг үед өдөр бүр, хором мөчийг ч алдалгүй хамтдаа байж, зовлон жаргалаа ярилцан, оров ч гарав ч хамт байсан ах дүү хоёрсон.
Оонын эвэр шиг хослон байсан дүү нь ханиа, үр хүүхдээ, хайртай бүхнээ орхиод холын хол явж, аав минь сондгойрон хоцорлоо. Ай яасан уйтай...
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр ганц бус тохиолдоно оо гэж....
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Tuesday, April 7, 2009
Subscribe to:
Posts (Atom)