Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь ....
гэж ирээд ижийгээ санаад дуулж сууна даа охин чинь. Дандаа гэж худлаа хэлэхгүй ч сүүлийн үед ижийгээ санаа л байх юм, завгүй их ажилтай болоод ч тэр уу гэрээ, аав ээжээ санах нь гайгүй л дээ.Эхийн санаа үрд ,үрийн санаа ууланд гэж л энэ байх даа.
Ээж аав 2 минь охиноороо их бахархадаг утсаар ярих болгондоо л миний охин ухаантай юм чинь гээд л, магтах үгээ олж ядан, сайхан бүхнийг л охиндоо хэлдэгсэн миний ээж.
Тав за бараг зургаан жилийн өмнө юм даа, гэрийнхэндээ хэлэлгүй арав хоног найз залуугийндаа байж билээ.
Аав ээжээсээ тусдаа ахтайгаа амьдардаг байсан болохоор агаатайгаа хуйвалдсан хэрэг, өглөө болгон ээжийг ярихаар агаа, унтаж байна, усанд орж байна, дөнгөж сая гарчихлаа гэж нөхцөл байдалд тааруулсан худлаа ярьсаар лав 7 хоног аргалчихсан байсан, би заримдаа өдөр нь гэртээ байнаа гээд л худлаа ээжрүү ярьчихдаг байсансан.
Харин ээж минь зөнгөөрөө охин нь нэг л хол байгааг мэдрээд гэрт ирж хоноход нь би байдаггүй тэгээд л ах бид хоёрын хуйвалдааныг ээж мэдэж том асуудал үүслээ.
Ээж минь сайн мөрдөн байцаагч хийсэний эцэст намайг хаана, хэнтэй байгааг тэр дороо л мэдэж найз залуугийн минь гэрт ирсэн ч бид хоёр хаалгаа тайлалгүй гүрийсэн учир ээж, ах, ээжийн дүү гэсэн мөрдөгчидийн бүрэлдэхүүн цоожтой хаалга сахин сууж, сууж явсан даа.
Би гэдэг хүн дөнгөж хорь хүрч байсан жаахан охин, ээж минь санаа зовж байгааг мэдэв ч хайрын мананд айдастай жаргалтай байсаар л...
Харин маргааш нь айж эмээсээр, хулган байж гэртээ ороход ээж минь, охин нь ирсэнд баярлав ч арав хоног худлаа хэлээд айлд байсанд минь гомдож зөндөө их загнаж бүр зодсонсон.
Сэтгэл маш ихээр тэр үед л өвдсөн, ээж минь охиноо гэрээсээ бүр явчихлаа гэж айхдаа аргаа баран шөнө босоод хөхөөрөө даллаж дуудсан гэж ярихад, сэтгэл өмрөх шиг л болж, ижийгээ хайрлаж бас өрөвдөж өөрийгөө зэмлээд хоолойн дээр бөөн хар юм тэглээд, нулимс бөөн бөөнөөрөө бөмбөрөөд сууж билээ.
Ижийгээ дутуу нойртой хонож байхад би нэгэн залуугийн тэвэрт эрхлэн нам унтаж байсан даа, айдастай ч жаргалтай ч хоногууд байжээ.
Тэр бүхнээс хойш ээж охин хоёрын дунд нууц байхаа больж, хаашаа ч явсан, хэнтэй ч уулзсан аав, ээж гэр бүлийнхэнээсээ бүгдээс нь асуудаг хүмүүжил надад тогтсон доо.
Энэ бүхэн аавыг хөдөө явсан үеэр болсон болохоор гэртээ эргэж ирэхэд нь ээж болсон бүхнийг аавд хэлсэн болов ч аав минь охиноо зэмлээгүй юм даа.
Одоо харин аав, ээж хоёр минь тайван сайхан унтаж байгаа байх даа, тиймээ та хоёр минь одоо тэнэгхэн охиндоо санаа битгий зовоорой, ухаалагаар өөрийгөө зөв сайхан авч явах чадвартай болсоон охин чинь.
Хааяа та хоёрыгоо маш их санах юм, завгүй амьдарч байхад минь нэг л өдөр утас дуугараад муу мэдээ сонсохвий гэхээс дотор харанхуйлж, хоолой загирах юм ...түй түй түй... муу бүхэн хол л байгаасай.
Өнөөдөр яг одоо яасан их санаж байнаа, та хоёр минь бас санаад зүүдлэж байгаа байх даа.
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment